
Монголчууд 365 хоногийн 115 хоногт нь амарч байна
Монголчууд бид 365 хоногийн 115 хоногт нь амардаг байна.
Ганцхан жишээ авахад баяр наадмын амралт үндсэндээ долоодугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, ажил 21-нд цугласан. Энэ хооронд зам тээвэр болоод усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 36-д хүрсэн байна. Хэрвээ бид баяр наадмаар урт хугацаанд амраагүйсэн бол өнөөдөр амиа хохирсон 36 иргэн амьд сэрүүн байх байлаа.
Анхааруулсаар байхад усанд осолдсоор
Усанд битгий ор үертэй байна, эргээс хол бай эрсдэлтэй байна, хийлдэг гудас, завь битгий хэрэглэ гэх анхааруулгыг ОБЕГ-ын албан хаагчид удаа дараа иргэд олон нийтэд өгч байв. Харамсалтай нь агаар салхинд гарч амарч байгаа нэрийдлээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд албан хаагчдын шаардлагыг хүлээн авахгүй байгаа нь харамсалтай
Үүний улмаас баяр, амралтын өдрүүдэд усны ослоор улсын хэмжээнд 24 иргэн амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байна.
Хол замд хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих тохиолдол буурсангүй
Иргэд орон нутгийг зорихдоо хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, шөнө гэрлээ шилжүүлэхгүй зэргээс үүдэж зам тээврийн осолд өртөж амь хохирогсдын тоо буурахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 25-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт Субару маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, 12 болон 18 настай хоёр эмэгтэй хүүхэд нас барж, эцэг эх нь сэхээнд хэвтэж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124853 осол бүртгэгдэж 14905 хүн бэртэж гэмтсэн байна.
Харин ослын улмаас сүүлийн таван жилийн дотор 312 хүүхэд нас барсан бол 3851 хүүхэд бэртэж гэмтсэн аж.
Улсын хэмжээнд Нэг аймаг, 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ
Увс аймаг түүхт 100 жилийн ойгоо энэ сарын 29,30 ны өдөр тэмдэглэх бол, 27 сумын тэгш ой давхар болж байна. Эдгээр өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн эрс нэмэгдсэн бөгөөд ТЦА-наас жолооч нарт тусгайлсан анхааруулга мэдээллийг өгсөөр байна.
Эцсийн дүнд зуны урт хугацааны амралтууд дуусаагүй, нутаг ус, анги хамт олны тэмдэглэлт ойн баярууд ар араасаа болж буй эдгээр өдрүүдэд иргэн бүр аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлагатай байна.
Наадмын дараах хямрал
Наандаж нутгийн ойн баяр наадамд унаа тэрэг,шатахуун, хоол, хоноглох газрын зардал багадаа л 2-3 сая төгрөг болно. Энэ мөнгөн дүн хэдий эх орны хаа нэгэнтээ үлдэж буй гэж бодоход сэтгэл өег боловч, намар иргэдэд ирэх дарамтыг бодвол халаасандаа хийж хав дараад хямралд бэлдмээр их мөнгө. Ирэх намар иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэхээр байгааг эдийн засагчид анхааруулсан хэвээр байна. Юун түрүүнд хэрэглээний бүх зардал нэмэгдэж, дагаад ипотекийн зээлтэй бол татварын нэмэгдэл таны наснаас шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэхээр байна. Гэвч иргэд нэмэгдэхээс нь өмнө биш нэмэгдсэнийх нь дараа эсэргүүцэл илэрхийлэн дугардаг нь зун, намаржин наадам хэсээд завгүй байдагтай нэг талаараа холбогдож мэднэ
Наадмын дараа намар айсуй
Тун удахгүй аймаг сумдуудын тэгш ойн баяр наадам дуусахтай зэрэгцэн шинэ хичээлийн жил эхэлнэ. Залгаад жил бүрийн ярианы сэдэв өөрчлөгдөхгүйн дээр энэ жил шатахууны хомсдол, агаарын бохирдол, түгжрэл гэх сэдвээр баяр наадмын сэдэв солигдохоор байна. Иймд баярлаж наадаж дууссан бол намрын бэлтгэл, өвлийн бэлтгэлдээ өнөөдрөөс орох нь зүйн хэрэг

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!