Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төрөг  юунд зарцуулагдаж байна вэ?

Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төрөг юунд зарцуулагдаж байна вэ?

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-03
Нийтлэлийг
Cherrynews

Шийдвэр гаргагчид түгжрэлийн учрыг өнөөдөр ч шийдэж чадахгүй байгааг тээврийн хэрэгслийн тэгш сондгойн хязгаарлалтаас харж болохоор байна. Тухайлбал жил бүрийн намар хичээллийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэж дугаарын хязгаарлалтыг хийдэг тогтсон ёс тогтсон бол, цаашид шинэ жил, сар шинийн баяр гээд хязгаарлалт үргэлжилж хүний эрх давхар зөрчигдсөөр байна.

Дугаарын хязгаарлалтыг цааш сунгах уу?

Үндсэндээ түгжрэлийг бууруулах төсөв гээд 420 тэрбум төгрөг баталчихсан атлаа дугаарын хязгаарлалтыг хийсээр байгаа нь дарга нарын толгой ажиллахгүй шинэ зүйл санаачлахгүй  байгааг харуулж байна

Хэдийгээр 9-дүгээр сарын 14-ний өдрөөс дугаарын хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлэх байсан ч, хэрэвзээ автомашины хөдөлгөөн их хэвээр байвал хязгаарлалтыг үргэлжлүүлэх асуудал яригдаж байна. Дугаарын хязгаарлалтыг иргэд нийтээрээ дэмжсэн гэх боловч, НЗДТГ-аас 7 хоногийн хугацаанд санал асуулга явуулж, ердөө 2542 хүнээс саналыг харгалзан үзээд шийдвэр гаргасан байгаа юм. Харамсалтай нь иргэд ч энэ хязгаарлалтад аажмаар дасаж, зарим нь бүр дэмжих хандлагатай болжээ.

Тэгш, Сондгой шийдэл биш

Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349 мянган хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Хотын хүн амын даац дээд тал нь 400–500 мянга байхаар тооцсон байдаг.  Гэтэл өнөөдөр  хүн ам, автомашины тоо хэд дахин нэмэгдсэн нь хязгаарлалт хийхээс өөр сонголтгүй байдалд хүргээд байна

2010 онд Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөний дундаж хурд 35 км/ц байсан бол ЖАЙКА-гийн судалгаагаар, хэрэв түгжрэлийг шийдэхгүй бол 2030 онд хурд ердөө 5 км/ц-д буурч, 2040 онд бүтэн өдрийн турш нэг газраа таг зогсох эрсдэлтэй гэж тооцоолсон байдаг.

Олон улсын үзүүлэлтээр автомашины хурд 10–15 км/цагаас доош хурдтай байвал үүнийг “тэг зогсолт” гэж үздэг байна. Энэ тооцооллоор нийслэлчүүд 2040 онд тэг зогсолтод орох эрсдэлтэй.

Ийм нөхцөлд автомашины дугаарын хязгаарлалт бол зөвхөн түр зуурын арга хэмжээнээс хэтэрдэггүй гэдгийг олон улс орон туршиж, мэдэрсэн байдаг ч Монгол улс үргэлжлүүлсэн хэвээр байна. Үүний уршигаар тэгш сондгойн хязгаарлалт хийгдэх болсноос хойш хоёр тээврийн хэрэгсэлтэй айлуудын тоо нэмэгдсэн байна

Татвар нэмэгдэж, иргэд туйлдав

Нийслэл хотод 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа дээрх татвар, төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлсэн бөгөөд тус нэмэгдлээр нийслэлийн төсөвт 200 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлэх тооцоог хийсэн байдаг.

Тодруулбал, автомашины хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч 36000-300000 төгрөгийг жил бүр бүр тээврийн хэрэгслийн албан татварт төлдөг байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар гурван дахин нэмэгдсэн. Үүнээс гадна түгжрэлийг бууруулах үүднээс 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрүүд нь агаарын бохирдлыг багасгаж, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буй. Гэтэл өнөөдөр эдгээр шийдвэрүүд үр дүнгээ өгөхгүй хэвээр байна. Учир нь хотын түгжрэлийг шийдэхэд цогц төлөвлөлт, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмж, замын шинэчлэл зэрэг олон арга хэмжээ нэгэн зэрэг хэрэгжих шаардлагатай. Гэвч яг одоо хэрэгжиж буй эдгээр арга хэмжээ, хязгаарлалт нь түгжрэлийг түр хугацаанд барьж, иргэдийг хохироож, эрхэнд нь халдахаас хэтрэхгүй байна.

 

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.