
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдэд хандаж юу хэлэв?
Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-27
Нийтлэлийг
Cherrynews
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшигчийн хувиар Бага хуралд үг хэллээ. Тэрбээр өөрийн боломж, потенциалыг МАН-ын маргаашийн ялалтын төлөө зориулахаар нэр дэвшиж буйгаа тодотгосон байна.

Д.Амарбаясгалан МАН-ыг УИХ-д гурван удаа төдийгүй 12 жил алдсан байсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад бүх талаар ажилласнаа хэлээд “МАН 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад ганцхан Ерөнхий сайдын асуудал яригдсан. Тухайн үед 50+ насны, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бүхий хүмүүсийг Ерөнхий сайдаар явуулах ёстой гэдэг зарчим гарсан, би ч намынхаа ерөнхий зарчмыг дагасан. Харамсалтай нь үр дүнд нь МАН-ын рейтинг 15-18 хувиар уналаа. Ард иргэдийн зүгээс манай намд итгэл алдарч, намын дотоодод гишүүд дэмжигчдийн дунд ч айдас хүйдэс төрөх боллоо. Тиймээс намын гишүүдийнхээ итгэлийг сэргээж, айдсыг нь дарах, МАН-д итгэх ард түмний итгэл, дэмжлэгийг сэргээх үүднээс удаа дараагийн ялалтаас олж авсан туршлагадаа үндэслэн энэ цаг үед нэр дэвших нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, олон удаагийн ялалт амжилтыг авчирснаа бодсон ч, 18 наснаасаа энэ намд зүтгэснээ бодсон ч МАН ирэх сонгуулиудад ялагдах тэр цагийг хараад суух хувиа хичээсэн зан надад байхгүй учраас нэр дэвшиж байна. Би хувь хүнийхээ хувьд дарга болъё гэж гүйдэггүй, 2016 онд ч надад нэр дэвших боломж байсан. Миний үндсэн зорилго бол МАН институц болох, бүх цаг үед ялагдал хүлээдэггүй нам байлгахын төлөө зүтгэсэн. Яавал ялах, бодлогоо амжилтай үргэлжлүүлэх, санал авах вэ гэдэгт бүх анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Энэ зүтгэлийн эцэст Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид УИХ-ын сонгуульд гурав дахиа ялсан.
Тийм ч учраас би намын даргын суудалд очихын тулд бус МАН-ыг ирэх сонгуулиудад ялалт байгуулах хүчирхэг нам байлгахын тулд нэр дэвшихээр шийдсэн. Миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурван удаа сонгогдон ажилласан. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд бүх нөөц боломжоороо хэнийг ч ялгалгүй энэ намыг Бодлогын, Цахим, Дэвшилтэт нам байлгахын төлөө зүтгэсэн. Амжилт ч гарсан. Энэ бол нэр дэвших хувийн шийдвэр гаргасан бас нэг шалтгаан. МАН хүрсэн түвшиндээ ханаж болохгүй, хэсэг бүлгийн эрх ашгаар хөдөлдөг нам байж болохгүй.
Парламентын дөрөв, Ерөнхийлөгчийн хоёр дахь ялалтаа авчрах ёстой. Энэ бол миний намын даргад нэр дэвших шалтгаан. МАН цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн нам болох ёстой болохоос дээгүүр байгаа хэдхэн хүний эрх ашгийг хангадаг нам байж болохгүй. Улс төрийн нам бол хамтын удирдлагыг хангадаг, хамтын удирдлагын байгууллага байх ёстой. МАН бодлогын судалгаанд суурилсан улс төрийн үйл ажиллагаа явуулж чаддаг болсон нь том давуу тал. Ард түмний хүсэн хүлээлтэд нийцсэн дүрүүдийг гаргаж ирдэг нам болсон. Дэргэдэх тинк танкуудаа ажиллуулж, тэгш өрсөлдөөн шударга зарчимд төвлөрч ажилладаг болсон.
Миний хамгийн том зорилго бол намын дарга болох биш монгол төрийг чадамжтай байлгах, ирж буй сонгуулиудад МАН-д удаа дараагийн ялалтуудыг авчрахад л чиглэж байна гэжээ. Төгсгөлд нь “Надад айдас байхгүй, харин намаа ялалтад хөтлөх амбийц байна” хэмээн онцолсон байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


