
Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжилж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт хадгалагдана
“Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд “Эрдэс баялгаас хараат байдал болон түүхий эдийн зах зээлийн савалгаатай холбоотой эмзэг байдлыг шийдвэрлэхэд анхаарахын зэрэгцээ өргөн хүрээ бүхий, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам бүр чухал болж байна" хэмээн тодотгов.
Цаг уурын таатай нөхцөл бүрдсэнээр малын тоо толгой сэргэсэн нь Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагаст тогтвортой өсөхөд голлон нөлөөлсөн. Зах зээлийн нөхцөл байдал суларсны улмаас нүүрсний экспорт саарч, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх уул уурхайн салбарын хувь нэмэр буурсан. Харин эрчим хүч, барилгын салбар тэлснээр уул уурхайн бус салбаруудад өсөлт гарсан. 2025 оныг дуустал уул уурхайн бус үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих ба харин ургац хураалт буурах төлөвтэй байгаа нь хөдөө аж ахуйн сэргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. 2026 онд үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлснээр эдийн засгийн өсөлт 5.7% байх төлөвтэй байгаа бол уул уурхайн салбар өмнөх хүлээлтээс доогуур гүйцэтгэлтэй байх магадлалтай байна.
Төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөө үргэлжилж, инфляц 2025 оны эхний хагаст төв банкны зорилтот түвшнээс дээгүүр байв. Хэрэглээний үнэ энэ онд 8.6%-иар өсөх төлөвтэй байгаа ба хэрэглээний сагс шинэчлэгдсэнээр 4-р сард тооцсон 9.1%-ийн төсөөллөөс буурсан байна. Засгийн газрын шийдвэрээр үнэ тарифын өсөлтийг хойшлуулсан нь үнийн нэмэлт дарамтыг мөн дараа жил хүртэл хойшлуулахаар байна. Үүнээс үүдэн 2026 оны инфляцыг 7.2% байхаар төсөөлжээ. Дотоодын хүнс, импортын барааны үнийн түвшин өсөлттэй хэвээр байна.
Урьдчилсан төлөвт нөлөөлж болзошгүй эрсдлүүд нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд тавигдах хязгаарлалт нэмэгдэж, улмаар Монголын экспортын эрэлтэд сөргөөр нөлөөлөх, Оюу толгой уурхайн олборлолт удаашрах, 2025-2026 оны өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарах зэрэг болно.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


