ЗГ: Эрчим хүчний хэрэглээ тооцоолсон хэмжээнээс давахгүй бол, энэ өвөл цахилгааны хязгаарлалт хийхгүй

ЗГ: Эрчим хүчний хэрэглээ тооцоолсон хэмжээнээс давахгүй бол, энэ өвөл цахилгааны хязгаарлалт хийхгүй

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-01
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.10.01/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЦС-3 БЭТ Н.Тавинбэх нар мэдээлэл хийлээ.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

Томуугаас хамаалах вакцинд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Улсын хэмжээнд нийт 300 мянган тун вакцин хийх төлөвлөгөөтэйгөөр дархлаажуулалт үргэлжилж байна. 2025 оны есдүгээр сарын 30-ны байдлаар энэхүү төлөвлөгөөний 60 хувь буюу 180 мянган тун хийгдсэн байна. Дархлаажуулалтад хамрагдах ёстой 160 мянган хүүхдээс 96 мянга нь хамрагдаад байгаа буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Боловсролын салбарын багш нар 100 хувь хамрагдаж, үлгэр жишээ үзүүлж байгаа бол эмнэлгийн ажилчдын хамрагдалт харьцангуй бага байгааг анхаарах шаардлагатай байна. Аймгуудын хувьд Сэлэнгэ сайн үзүүлэлттэй байхад Баян-Өлгий аймагт хамрагдалт бага байна.

Дархлаажуулалт эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Хичээл эхэлснээр Улаанбурхан өвчний тархалт буурсан нь эерэг үзүүлэлт хэдий ч ирэх арваннэгдүгээр сард ханиад томуутай хавсран хүндрэл гарах эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Сүүлийн үед ЭМД-ийн санхүүжилт зогссон гэх мэдээлэл тарсан. Улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 200 орчим эмнэлгийн санхүүжилт зогссон асуудал байхгүй. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зориулсан 165 тэрбум төгрөгийн санхүүжилт наймдугаар сарын байдлаар бүрэн зарцуулагдсан байна. Тиймээс цаашид бид санхүүгийн хувьд илүү сахилга баттай байх шаардлагатай байгаа.

Түүнчлэн эмч нарын цалинг нэмэхэд ч санхүүгийн сахилга баттай байх асуудал чухал байна. Ж.Чинбүрэн цалин нэмүүлэхгүй байна гэж яриад байна. Тийм биш шүү дээ.  2025 онд ЭМДС-ын нийт төсвөөс 316 тэрбум төгрөгийг бид 2024 оны өрөнд төлсөн. Хэрэв тэр мөнгө байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан. Дахин ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд, одоо өргөн барьчихсан байгаа төсвөөсөө дахин өр төлөхгүй бол бид ирэх онд цалинг 10 орчим хувиар нэмэх боломжтой. Тиймээс сахилга бат хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

ДЦС-3 ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх:

-2025 оны зургадугаар сарын 2-нд ДЦС-3-т гарсан ослын уршгийг арилгах, станцыг бүрэн сэргээн босгох зорилгоор нийт 5 багц ажил төлөвлөгдөн, Засгийн газраас санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.

105 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй эдгээр ажлын 3 багц нь өвлийн оргил ачааллын өмнө бүрэн дуусах ёстой бөгөөд одоогоор гүйцэтгэл 90 хувьд хүрээд байна. Эдгээр 3 багц ажлыг бүрэн дуусгаснаар станц нь өнгөрсөн жилийн оргил ачааллын үеийн эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд, цахилгааны хувьд 50 хувийг нийлүүлэх боломжтой болно.  Харин дутагдалтай байгаа цахилгааныг шинэ эх үүсвэрээс хангана.

Үлдсэн хоёр багц ажлыг ч мөн ирэх өвлийн оргил ачааллын өмнө дуусгахаар төлөвлөсөн бөгөөд сэргээн босголтын ажил амжилттай урагшилж байна.

Иймд энэ өвөл цахилгаан хязгаарлалт хийхгүй. Хэрэв эрчим хүчний хэрэглээ бидний тооцоолсон хэмжээнээс давахгүй бол эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангах боломжтой гэдгийг салбар яамнаас мэдээлсэн гэлээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.