Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль-Наср” клубийн довтлогч Криштиану Роналду түүхэн дэх анхны тэрбумтан хөлбөмбөгчин болжээ. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна.
Криштиану Роналду өнгөрсөн зургаадугаар сард Саудын “Аль-Наср” клубтэй 400 сая гаруй ам.долларын гэрээ шинээр байгуулснаар дэлхийн хамгийн чинээлэг тамирчдын нэг болсон юм. Тэрээр олон жилийн турш өөрийн гол өрсөлдөгч Аргентиний довтлогч Лионель Месситэй дөхүү орлого олдог байжээ. Харин 2023 онд Л.Месси чөлөөт агентын хувиар Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн (MLS) “Интер Майами” клубт шилжсэнээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн билээ. Криштиану Роналдугийн хөрөнгийг хөл бөмбөгийн спортод хөл тавьснаас хойш олсон орлого, мөн хөрөнгө оруулалт, зар сурталчилгааны гэрээнүүдээс олсон орлогыг одоогийн татварын хувь хэмжээ, зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үнэлжээ.
Португал довтлогч 2002-2023 оны хооронд 550 сая гаруй ам.долларын орлого олсон бөгөөд "Nike" компанитай 10 жилийн гэрээ байгуулж, жилд 18 сая орчим ам.доллар олсон байна. Мөн “Armani”, “Castrol” зэрэг брэндүүдтэй хамтран ажилласнаар хөрөнгө нь 175 сая ам.доллароор нэмэгджээ. 2023 онд “Аль-Наср” клубт ирснээр тэрбээр жилд ойролцоогоор 200 сая орчим ам.долларын татваргүй цалин, урамшуулал, түүнчлэн клубтэй гэрээ байгуулсны төлөө 30 сая ам.долларын нэг удаагийн урамшуулал зэрэг нэмэлт хөлс авсан юм.





