
100 гаруй эмнэлгийн 15 мянга орчим эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялтад нэгдэнэ
Монголын эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос, эмч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн ажил хаяна гэдгээ энэ сарын 4-ний өдөр мэдээлсэн.
Тэгвэл тэдний зүгээс өнөөдөр /2025.11.10/дахин мэдээлэл хийж эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож байгаа учир ээлжит бус XIV өргөтгөсөн хурал зарласан гэдгээ мэдэгдэв. Тэдний зүгээс "Төр, төмөр нүүрээ бидэнд харуулж байна. Эрүүл мэндийн салбарынхныг ажил хаяж чадахгүй гэж бодож байх шиг байна. Бидний цалинг 3.5 сая төгрөгт хүргэ. Өнгөрсөн тав дахь өдөр эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг бидэнтэй уулзаж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн боловч таван цаг хүлээлгээд ирээгүй. Гэвч УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Өөрөөр хэлбэл, олны өмнө цалин нэмэх ёстой гэж ярьж байсан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж бидний тавьсан цалин нэмэх асуудлыг унагаах санал гаргалаа. Нэг үгээр, нүүрэн дээрээ хамт байгаа шүү гэж хэлсэн УИХ-ын гишүүд санал хураахад эсрэг кноп дарж байгааг нэг биш удаа харлаа. УИХ-ын гишүүдэд найдалтгүй юм байна" гэлээ.
Ажил хаялтад бүх эмнэлэг оролцохоор болсон байна. Тодруулбал, нийтдээ 100 гаруй эмнэлгийн 14689 эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ. Тэдний хэлж буйгаар, энэ тоо цаашдаа нэмэгдэнэ гэдгийг хэлэв.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


