
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр тохиож байна
Өнөөдөр бол Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдөр юм. 1911 оны энэ өдөр Монголчууд Манж Чин гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэслэн зогсоож, өөрийн төрт ёсыг сэргээсэн нь зүгээр нэг улс төрийн үйл явдал бус, олон зуун жил хуримтлагдсан үндэсний хүсэл эрмэлзэл бодит биелэлээ олсон түүхэн эргэлтийн мөч байлаа. XVII зууны сүүл үеэс Манжийн эрхшээлд орсон Монгол орон хошуу, аймагт хуваагдан захирагдаж, дотоод хэрэгтээ бүрэн эрхгүй болж, эдийн засаг, нийгэм, соёлын олон талаар хязгаарлагдмал байдалд орсон боловч монголчуудын төр улсаа сэргээх үзэл санаа бүрэн мөхөөгүй байна. XIX зууны төгсгөл, XX зууны эхэн үед Манж Чин гүрэн дотоодын хямрал, гадаадын дарамтад орж сулран доройтохын хэрээр Монголын ноёд, лам нарын дунд тусгаар тогтнолын төлөөх ухамсар хүчтэй сэргэж, Манжийн “шинэ засгийн бодлого”-оор Монголын уламжлалт тогтолцоог устгах оролдлого хийсэн нь энэ хөдөлгөөнийг улам хурцатгажээ. Ийнхүү 1911 онд Монголын улс төр, шашны нөлөө бүхий зүтгэлтнүүд нууцаар хэлэлцэн, төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, тусгаар улс байгуулах шийдвэрт хүрсэн.
Улмаар Хүрээнд Манжийн захиргааг зайлуулсны дараа арванхоёрдугаар сарын 29-нд Богдыг Монгол Улсын хаанд өргөмжилж, Богд хаант Монгол Улсыг байгуулснаа албан ёсоор тунхагласан юм.
Энэ өдрийг Монгол Улсад бүх нийтээр амрах баярын өдөр болгон тэмдэглэж, эх оронч үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг эргэн санан, Монгол төрийн залгамж чанарыг ухамсарлах өдөр хэмээн үздэг. Тиймээс арванхоёрдугаар сарын 29 бол өнгөрсөн түүхийн дурсамж төдий бус, Монгол хүн, Монгол төр оршин тогтнохын язгуур утгыг нэгэн цогцоор илэрхийлсэн, үндэсний ой санамжийн мөнхийн өдөр билээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


