УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2026-01-12
Нийтлэлийг
Cherrynews

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.12) үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав.

Улсын Их Хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Б.Энэбиш, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар, Д.Энхбат, Б.Баасандорж нар оролцов.

Хүндэт зочид эхлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимаар зочилсон.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болсон хүндэтгэлийн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, эрхэм зочдод Монгол Улсын Үндсэн хуулийн түүхт 34 жилийн ойн өдрийн мэндийг дэвшүүлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, төр-иргэний нийгмийн гэрээ, монгол хүний эрх, эрх чөлөөний тунхаг болсон ардчилсан, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэх, сахин биелүүлэхэд сэтгэл, мэдлэг, оюун, хичээл зүтгэлээ зориулан, парламент ёсны шинэ түүхийг бичилцсэн Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жил цаг үе, нийгмийн шалгарлыг туулан хэрэгжиж байна. Энэ хугацаанд өөрчлөлтийн өсөлт амжилт, алдаа онооны аль алийг монголын ард түмэн туулж байна. Энд олсон нь алдаанаасаа хавьгүй их боловч манай нийгмийн амьдралд засаж залруулах, өөрчилж шинэчлэх, шинээр үүссэн, шийдэл, гарц шаардсан сорилт бэрхшээлүүд багагүй байна. Үндсэн хуулийг сахин биелүүлж, түүний дархлааг хангах, хамгаалахад хууль тогтоох байгууллагын үүрэг нэн чухал бөгөөд энэхүү эрхэм зорилгыг бодит үйл болгоход үе үеийн парламентыг удирдаж чиглүүлж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Та бүхэн, мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Та бүхний гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Парламентын баталж байгаа хууль, аливаа шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга, үзэл баримтлал, зүйл, заалт бүрд нийцсэн байх нь Үндсэн хуулийн нэгэн дархлаа, бас хамгаалалт болдог.

Миний бие Улсын Их Хурлын дарга хэмээх нэн хүндтэй, хариуцлагатай албан тушаалд гишүүдийнхээ олонхын дэмжлэгээр томилогдоод удаагүй байгаа ч парламентын үйл ажиллагаа, баталж буй хууль тогтоомж, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг илүү боловсронгуй болгох чиглэлээр олон ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи, хиймэл оюуны хувьсал, өөрчлөлтийн энэ цаг үед Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх эхлэлийг тавилаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудыг зөрчсөн зохицуулалт бий эсэхийг их өгөгдөлд суурилж, шинжилдэг болж байна. Үүний зэрэгцээ бүх хууль, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын санаачилж байгаа хуулийн төслүүд, олон нийтийн хэлэлцүүлэгт байгаа хуулийн төслүүдэд Улсын Их Хурлын албан ёсны parliament.mn цахим хуудас дахь хиймэл оюунаар шинжилгээ хийж эхэлсэн.

Мөн өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг бататгах хүрээнд олон нийтийн саналыг авах, өргөдөл, гомдлуудыг шийдвэрлэх чиглэлээр d.parliament.mn платформыг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн санал, санаачилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын хувиар “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, хууль тогтоомжийн зөрчил, давхардал, хийдлийг арилгахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулийн зохицуулалтуудыг ирэх чуулганаар өөрчлөхөөр зорьж байна.

“Чөлөөлье” санаачилгын уг үндэс бол Үндсэн хуулийг сахин биелүүлэхэд оршино. Тэр дундаа Үндсэн хуульд заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, шударга ёс, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэ санаачилгын хүрээнд нэн тэргүүнд Үндсэн хуулиар олгогдсон иргэний болон улс төрийн эрхээ баталгаатай эдлэхэд хориг саад болж байгаа хуулиудыг өөрчлөх, үүний зэрэгцээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх аливаа төслийг  шүүн тунгааж, олон нийтээр хэлэлцүүлж, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний талаарх заалтуудтай зөрчилдөж буй эсэхийг нягталдаг болох ач холбогдолтой. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад нь саад тотгор, гох дэгээ болж байгаа төрийн оролцоо, хүнд суртлыг халах, иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөө, боломжийг илүү нээлттэй болгох хуулийн төслийг санаачлан, хэлэлцэж батлах нь “Чөлөөлье” санаачилгын бас гол зорилго юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.