
Дэлхийн 100 гаруй улс "Давост" АНХААРАЛ ХАНДУУЛЖ байна
Швейцарь улсын Давос хотод 56 дах удаагаа зохион байгуулагдаж буй "Дэлхийн Эдийн Засгийн Чуулга" жил ирэх тусам өргөжиж, оролцогчдын тоо нэмэгдэж байгаагаараа онцлогтой байна. Тус уулзалтад шийдвэр гаргах түвшний удирдагчид цугларч дэлхийн эдийн засаг, геополитик, аюулгүй байдал, технологийн ирээдүйг хэлэлцэж байна.

Анх 1971 онд бизнес, эрдэм шинжилгээ, төрийн салбарын төлөөлөл,менежментийн арга барилыг сайжруулах зорилгоор цугларснаас хойш Давосын чуулган дэлхийн сорилтуудыг шийдвэрлэх хамгийн чухал индэр болон хөгжсөн юм. Сонирхуулахад Давосын чуулга уулзалтаас эдийн засгийн шууд эрэлт нь өндөр байх бөгөөд ойролцоогоор 30-50 сая долларын шууд ашиг Давос хотод үлддэг гэсэн судалгаа ч гарчээ.
Чуулганы үеэр нэг долоо хоногт Давос хотод 10–15 мянган зочин ирдэг тул зочид буудал, ресторанаар үйлчлүүлэх, тээврийн үйлчилгээ ашиглах замаар хотын орлого өсдөг байх нь. Дагаад оршин суугчид жилд ганцхан удаа болдог чухал ач холбогдол өндөр уг уулзалтаар ахуй амьдралаа ч дээшлүүлэх, орлого олох боломж нээгддэг байна. Учир нь олон мянган зочид дэлхийн хэмжээний уулзалтыг зорьж ирдэг тул зочид буудлын хүрэлцээ хангамж хүрэлцдэггүй тул, Давосын иргэд өөрийн хувийн эзэмшлийн орон сууцаа энгийн үеийн ханшнаас 5-6 дахин өсгөж түрээслүүлдэг үйлчилгээ ч дэлгэрчээ.



Зочдын хөл хөдөлгөөнийг дагаад жил бүрийн нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт унаа тээвэр, хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсчихдөг тул Давосын үзэсгэлэнт байгалийг үзэж аялахыг хүссэн иргэд нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт аялах төлөвлөгөөг гаргах хэрэггүйг сануулъя.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


