
Байгаль хамгаалагчдыг алдаршууллаа
Ирвэстэй бүс нутагт ажиллаж, амьдарч буй байгаль хамгаалагчдыг алдаршуулах зорилготой “2025 оны ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагч” шагнал гардуулах ёслол болов. Тус үйл ажиллагааг "Ирвэс хамгаалах сан"-гаас санаачлан зохион байгуулжээ.
Уг шагнал нь уулын эзэн хэмээн хүндлэгддэг цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээл бологч амьтдыг хууль бусаар агнах зөрчлийг таслан зогсоох үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулахад чиглэж байна.
Ийнхүү ирвэстэй бүс нутгийн "Шилдгийн шилдэг байгаль хамгаалагч"-аар Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Мягмаррагчаа тодорчээ.
Тэрээр, "Эх дэлхийн өдрөөр уг нэр хүндтэй шагналыг авч байгаа даа баяртай байна. Энэ шагнал бол ард минь байдаг ажлын баг, хамт олны шагнал юм. Би арван хоёр жилдээ Улаан тайгад байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Улсын хэмжээнд мянга гаруй байгаль хамгаалагч бий. Тэднээс 50 гаруй нь тусгай хамгаалалттай газар нутагт ажилладаг. Яг одоогоор гал түймрийн аюултай нөхцөл, эрсдэл өндөртэй цаг улирал ирсэн байна. Тиймээс иргэд маань болгоомжтой байж, аялал зугаалгаар явахдаа гал гаргасан бол сайн унтрааж, анхааралтай, хариуцлагатай байгаасай" хэмээв.
Б.Мягмаррагчаа нь 4 удаагийн хулгайн ан агнах үйлдлийг болон мөн молцог хандгайг агнах гэж байсан 2 удаагийн үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ.
Мөн 2025 оны ирвэстэй бүс нутгийн шилдэг 20 байгаль хамгаалагчдыг тодруулав.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

