“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаан 29 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Уралдааныг Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам дэмжиж, хамтран ажилласан байна. 

Монголын Уран зургийн галерейд болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагнал гардуулав. Уралдаанд нийт 8 ангилалд 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Мөн АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын иргэн оролцжээ. Энэ жилийн уралдааны шалгаруулалтад Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгуудаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн байна.  

Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад настан Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад настан Б.Ням-Очир нар, хамгийн бяцхан оролцогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1 “а” ангийн сурагч 6 настай Д.Амина байлаа.

Монголын Уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг ирэх ням гараг хүртэл буюу нэгдүгээр сарын 18-ны өдрийг дуустал нийтэд толилуулна.